ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо 2015 оны 06 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохиогдох НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улс “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож байна.
“НордАрт 2015” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болж Монголын павильон “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” олны анхаарлыг татлаа.
Европт зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэн болох “НордАрт”-ын нээлт 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо амжилттай болж өнгөрлөө. Монгол Улс энэ жилийн 17 дахь удаагийн “НордАрт” үзэсгэлэнд “ОНЦЛОХ ОРОН”-оор оролцож, “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт Монголын тусгай павильоныг толилуулж байгаа юм. Павильонд Монголын залуу болон ахмад үеийн 34 уран бүтээлчид өөрсдийн 100 гаруй бүтээлээ толилуулж байна.
Нээлтийн үйл ажиллагааг “Күнстверк Карлсхүтте” (Kunstwerk Carlshütte) байгууллагын ивээн тэтгэгч, АСО группийн захирал ноён Х.Ю.Алманн (Hans-Julius Ahlmann) нээн үг хэлсэн ба “2015 онд 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй НордАрт үзэсгэлэн нь энэ жил Монгол Улсад онцгой анхаарлаа хандуулж байна” хэмээн онцолсон юм.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор мөн нээлтийн ажиллагаанд урилгаар оролцож, нээлтийн үг хэлсэн бөгөөд Монголын павильоныг үзэж сонирхон, нийт уран бүтээлчидтэй уулзаж ярилцлаа. Элчин сайд нээлтийн үгэндээ “Герман төдийгүй, Европт томоохонд тооцогдох “НордАрт” үзэсгэлэнд монголын уран бүтээлчид ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаад ихээхэн баяртай байна. ХБНГУ дахь манай Элчин сайдын яам тус үзэсгэлэнгийн албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байгаа ба монголын дүрслэх урлагийн салбарыг энд танилцуулснаар Монгол Улс нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин соёл иргэншилтэй улсаас гадна дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж чадах шинэлэг, модерн ард түмэн гэдгийг давхар харуулж чадлаа гэж бодож байна“ хэмээв. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр оролцож, уг үзэсгэлэн нь БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг тэмдэглэж, сайдын мэндчилгээг уламжлав.
Германы талаас Шлесвиг-Холштайн муж улсын Ландтагийн ерөнхийлөгч ноён Клаус Шлий, Бюделсдорф хотын дарга Юрген Хайн нар мөн оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр 3000 гаруй хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон бөгөөд “Хосоо & ТрансМонголиа” язгуур урлагийн хамтлаг болон уран бүтээлч Э.Энхзаяа нар урлагийн үзүүлбэр толилуулав.
Уг үзэсгэлэнд оролцохоор 2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид хүсэлт гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлч шалгарч, өөрсдийн уран бүтээлээ толилуулж байгаа юм. Куратор О.Оюунтуяа болон Ж.Бодьбаатар нар “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт монголын павильоноор 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн нийгэм, улс төрийн огцом өөрчлөлт уран бүтээлчдийн хандлага болон монголын дүрслэх урлагийн салбарт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсон байна. Улмаар 06 дугаар сарын 07-ны өдөр үзэсгэлэнгийнхээ тухай болон Монголын дүрслэх урлагийн тухай товч танилцуулгыг кураторын ярианы хүрээнд олон нийтэд танилцуулсан бол „Ванжил артс төв“-ийн тэргүүн доктор Ц.Цэндпүрэв Монгол-Германы дүрслэх урлагийн харилцаа хийгээд нөлөөллийн тухай „Ногоон морь“ хөдөлгөөний жишээн дээр танилцуулав.
Монголын павильонд оролцож буй нийт 34 уран бүтээлчдийг төлөөлж Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, С.Дагвадорж тэргүүтэй 20 гаруй Монголын уран бүтээлчид 06 дугаар сарын 04- ний өдөр ХБНГУ-дхүрэлцэн ирэв.
НордАрт дахь Монголын павильон үзэсгэлэнгийн үеэр мөн Берлин, Хамбург хотуудад үзэсгэлэнгийн сэдэв, агуулгатай холбоотой салбарын мэргэжилтнүүдийн уулзалт-ярилцлага, кураторын яриа, перформанс үзүүлбэр ба боловсролын хөтөлбөр зэрэг сонирхолтой цогц дагавар арга хэмжээнүүд давхар зохион байгуулагдаж байна. Үүнд:
06 дугаар сарын 05-ны өдөр уран бүтээлчид 19, 20-р зууны Германы романтизм, Ван Гог, Пол Сезан гэх мэт Голланд, Францын мастер зураачдаас гадна 20, 21-р зууны модернист, нэн орчин үеийн урлагийн баялаг цуглуулга бүхий Хамбургийн урлагийн музейгээр зочлохоос гадна тус музейн куратор Нийла Струк (Neela Struck) манай уран бүтээлчдэд музейнхээ түүх, цуглуулгын тухай танилцуулга хийж нийт цуглуулгын сор бүтээлүүдийг нэг дор дэлгэсэн шинэ үзэсгэлэнгийнхээ тухай тайлбарлаж хэлэлцүүлэг өрнүүлсэнба Берлин хотын Мартин Гропиус Бау-д (Martin Gropius Bau) гарсан „ЗЭРОУ – ZERO“ үзэсгэлэн манай уран бүтээлчдийн сэтгэлийг ихэд татав.
Yзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nordart.de & http://www.nordart-mongolianart.de вэб хуудаснаас авч болно.