„Хүннү“ Экспедицийн үйл хэрэгт хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн дэргэдэх Монгол-Германы эдийн засгийн клуб нэгдлээ.
Монгол-Германы эдийн засгийн клубын тэргүүн Н.Эрдэнэцогт, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхтүвшин нар аялалын багийн гишүүн, МЗХ-ны Аялал Жуучлалын Хөгжлийн төвийн зөвлөх А.Очирхуягийг албан өрөөндөө хүлээн авч ХБНГУ-д зохиох арга хэмжээг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар боллоо.
МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон Монгол залуус” морин аялал нь улс орныхоо түүх соёл, зан заншил, байгаль, угсаатны онцлог, язгуур урлагаар дамжуулан Монгол орныг дэлхийд таниулан сурталчлах зорилготой аж. Ингэснээр манай улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийд нэн ховордсон мазаалайг дэлхийд таниулах, хамгаалах, монгол хүний тэсвэр, тэвчээр, монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон зүйлийг багтаасан судалгааны хөтөлбөрт ажил юм байна.
Аялал нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх долдугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Евро Ази дундаа Казакстан, Орос, Белорус, Польш, Герман, Франц, Бельги зэрэг улс орнуудаар нийт 20 мянган км замыг туулах нь. Аялагч залуус өөрийн орны хөгжил, дэвшлийг Евро-Азийн бусад орнуудтай харьцуулах, аялсан улс орныхоо Залуучуудын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, аялж буй газар нутгийн онцлог, соёл, зан заншлын тухай телевизийн нэвтрүүлэг, фото зургийн цомог, аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжийн тухай судалгааг газар орны нөхцөл байдалтай холбон судлах зэрэг олон үүрэг хүлээж байгаа аж.
Түүнчлэн өвөг дээдсийн байлдан дагуулалтын замаар бүдгэрэн арилж буй түүхийн дурсгалт зүйлс түүнтэй холбоотой үүх түүх, үлгэр домог ямар газар нутгуудаар тархсаныг тодруулах нь энэхүү аяллын бас нэгэн ач холбогдол орших бөгөөд үүгээр дамжуулан эл судалгааны эх хэрэглэгдэхүүнийг цаашид улам лавшруулан судлах эх үүсвэрийг тавих юм.
Багийн ахлагчаар МЗХ-ны аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, багийн гишүүдээр судлаач Лу.Батнасан, судлаач А.Очирхуяг гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөжээ.