Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2014 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Берлин хотноо “ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлийн анхны хурал”-ыг ЭСЯ-нд амжилттай зохион байгуулав.
Тус хуралд Майдар холбоо, Улаанбаатар холбоо, Хаан эрүүл мэндийн тусламж холбоо, Герман дахь Монгол академчидийн холбоо, Монгол-германы эдийн засгийн клуб, Цог клуб, Умардрайн-Вестфален герман-монголын хаалга, Аахен хотын монгол оюутнуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэргүүн нар болон Солонго, Од болон Ирээдүй монгол сургуулиудын захирал, багш нар оролцов.
Зөвлөлийн анхны хуралд Элчин сайд Б.Даваадорж, ЭСЯ-ны соёлын атташе Ч.Батбилэг нар оролцсон бөгөөд Элчин сайд Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай танилцуулав. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоо онцгой чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, Элчин сайдын яам Зөвлөлийн үйл ажиллагааг цаашид тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хурлын үеэр Зөвлөлийн зорилго, бүтэц, зохион байгуулалт, журам болон 2014 оны ажлын төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэн батлав.
Зөвлөлийн зорилго нь ХБНГУ дахь монгол болон монгол-германы төрийн бус байгууллагуудын хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох, нэгдсэн сүлжээ байгуулах, хоорондын хамтын ажиллагааг зохицуулах, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах бөгөөд гишүүн байгууллагуудаа чадваржуулах, Монгол Улс, ХБНГУ хоорондын хүмүүнлэгийн харилцааг идэвхижүүлэн хөгжүүлэхэд юм.
ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа монгол болон монгол-германы ТББ бүр Зөвлөлийн гишүүн болж болох бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааг гишүүн байгууллага тус бүр хагас жилээр даргалах юм. Зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааг Монгол-германы эдийн засгийн клуб болон Цог клуб тус бүр даргалах болов. Зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг 2014 оны 4 дүгээр сард зохион байгуулна.
Элчин сайдын яам Герман дахь Монгол академчидийн холбоотой хамтран 2013 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулсан “ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа монголчуудын ТББ-уудын анхны уулзалт”-ын үеэр ТББ-уудын төлөөлөгчид харилцан үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор “ХБНГУ дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөл”-ийг байгуулсан нь ТББ-ууд хоорондын нэгдсэн сүлжээг бие болгох, хамтын ажиллагааг зохицуулах үндэс суурь болж байна.